ШХАБ бол Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан улсууд буюу “Шанхайн тавын” 1996-1997 онд гарын үсэг зурсан хил орчимд зэвсэгт хүчнээ харилцан хорогдуулах болон цэргийн салбарт итгэлцлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр энэ байгууллагын үндэс нь болсон юм. Тэдэн дээр дараа нь 2001 онд Узбекстан улс нэмэгдэж ШХАБ гэж нэрлэсэн байна. ШХАБ-д багтаж байгаа орнуудын нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх нутгийн 60%-ийг эзлэж байна. ШХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь 1 тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болж байна. Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтөй юм. ШХАБ нь статусынхаа хувьд НАТО шиг цэргийн эвсэл биш гэдгээрээ онцлог билээ. Тус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал ба алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй хэлбэрэлтгүй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.