×
Улс төр 10 Гуравдугаар сарын 2013
Нигери улсад лалын шашинтнууд 2-р сард барьцаалсан гадаадын 7 хүнийг цаазалсан байна. Барьцаалагдсан хүмүүсийн дунд барилгын компанийн ажилтнууд Англи, Итал, Грек улсуудын тус бүр нэг иргэн, Ливан улсын 4 иргэн байжээ. “Хар Африк дахь лалын шашинтнуудыг хамгаалах тэргүүн отряд” гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл цаазалсан тухай мэдээллийг интернетэд байрлуулсан байна.
Иордан улсын нутаг дээр сирийн босогчдыг бэлтгэх ажилд америкийн мэргэжилтнүүд оролцож байна. Германын долоо хоног тутмын “Шпигель” сэтгүүл өнөөдөр ингэж бичсэн байна. Дор хаяхад 200 босогчдыг америкийн мэргэжилтнүүд бэлтгэсэн гэж сэтгүүлд мэдээлсэн байна. Америкийн мэргэжилтнүүдийг улсын байгууллага, хувийн компаниуд аль нь хөлсөлснийг сэтгүүл тодруулаагүй байна.
АНУ-ын төлөөлөгчид болон афганы талибууд жилийн өмнө тасалдсан хэлэлцээрээ өнөөдөр сэргээлээ гэж Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдлээ. Хэлэлцээр зогссоноос хойш ямарч ахиц дэвшил гараагүй гэж талибуудын төлөөлөгч Забиулла Муджахид мэдэгдэж Карзайн үгийг няцаасан байна. АНУ болон талибуудын хооронд албан бус хэлэлцээр 2012 оны 3-р сард эхэлсэн боловч ямарч үр дүнд хүрээгүй юм.
БНАСАУ-ын дээд удирдлагын нэр хүндийг гутаан доромжилсон мэдэгдэл Өмнөд Солонгос улс хийснийг тус улс “шууд дайн зарласан” гэж үзэж байна. ЦТАК агентлагаас бямба гаригт тараасан Улс орноо энхийн замаар нэгтгэх хорооны төлөөлөгчийн мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. “Умард солонгосын дэглэмийг газрын хөрснөөс арчина гэсэн” Өмнөд Солонгос улсын БХЯ-ны заналхийлэл Пхеньяний эгдүүцлийг төрүүлж байна гэж тэр хэлсэн байна.
НҮБ-ын АЗ пүрэв гаригт БНАСАУ-ын эсрэг авч байгаа хориг арга хэмжээгээ өргөжүүллээ. Пхеньян НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг албан ёсоор эсэргүүцэж Сөүлтэй байгуулсан үл довтлох тухай болон Солонгосыг хойгыг цөмийн зэвсгээс ангижруулах гэрээнүүдээс гарч байгаагаа зарлалаа. Хэрвээ Умард Солонгос тус улсад цөмийн цохилт өгвөл Ким Чен Ыны дэглэмийг устгана гэж Өмнөд Солонгос улс мэдэгдлээ.
Бээжинд болж байгаа Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы депутатууд өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөл буюу засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх саналыг авч үзэж байна. Чуулганы бүгд хуралдаан дээр энэ асуудлаарх илтгэлийг Төрийн зөвлөлийн гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Ма Кай тавьсан байна. Засгийн газрын аппаратыг шинэчлэх төслийн дагуу Төрийн зөвлөлийн харьяаны яамдын тоог 4 нэгжээр хорогдуулна.
Голаны өндөрлөгт баригдсан энхийг сахиулагчдыг чөлөөлсөн явдалд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга баяр хүргэлээ. Бүх дэлхийн байгууллагын ажилтнуудын халдашгүй дархан байдлыг дагаж мөрдөхийг Пан Ги Мун сирийн мөргөлдөж байгаа талуудаас шаардсан байна. Хорин нэгэн хүнтэй энхийг сахиулагчдын бүлгийг 3-р сарын 6-нд Сири, Израиль улсуудын хоорондох Голаны өндөрлөгийн завсарын бүсэд олзолсон юм.
Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль Венесуэл улсад 4-р сарын 14-нд болно. Үндэсний сонгуулийн зөвлөл ингэж мэдээлсэн байна. Нэр дэвшигчээ дэвшүүлэхэд ердөө хоёрхон өдөр буюу 3-р сарын 10,11-ний өдрүүдийг товлосон байна. Сонгуулийн өмнөх кампанит ажил маш богино хугацаанд 4-р сарын 2-11- хооронд явагдах юм байна. Ерөнхийлөгчид хоёр хүн нэр дэвшинэ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013