×
Улс төр 12 Нэгдүгээр сарын 2013
Энэтхэг, Пакистан улсууд Жамму Кашмир муж улсын хяналтын зурваст хэдэн будлиан гарснаас хойш цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. Тэнд байрласан пакистаны цэргийн албан хаагчдад ээлжийн амралт олгохгүй байгаа хийгээд пакистаны талаас хил орчмын худалдааг зогсоосон тухай өнөөдөр энэтхэгийн Zee News телевизийн сувгаар мэдээлжээ. Энэтхэгийн цэргийнхэн цуврал будлианы дараа нисэгчгүй нисдэг аппаратыг энд хэрэглэж байна.
Орос улс Женевэд сирийн асуудлаар хийсэн гурван талын уулзалт дээр Сири улсад гарсан хямралыг зохицуулахад чиглэгдсэн НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимын хүчин чармайлтыг дэмжихээ батлав. Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоож, дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг Москва ахин уриалсан тухай ОХУ-ын ГХЯ мэдээллээ.
Умард Солонгос ирэх долоо хоногт 1-р сарын 13-аас 20 хүртэлх завсар цөмийн туршилт ахин хийж болзошгүй гэж өмнөд солонгосын «Чунан ильбо» сонинд бичжээ. Сонины уламжласнаар умард солонгосын төлөөлөгч энэ тухай хятадын талд мэдээлсэн байна.
Африкийн Холбооны дарга Томас Яйи Бони босогчидтой хийж байгаа тэмцэлд засгийн газрын цэргийг дэмжих цэргийн анги нэгтгэлээ Мали улс руу явуулах тухай Франц улсын шийдвэрийг сайшаан дэмжив. Өнөөдөр Франс Пресс агентлагийн мэдээлснээр Британийн эрх баригчид Парисын мөн шийдвэрийг бас дэмжсэн байна.
Женевэд сирийн асуудлыг авч үзэж хэлэлцсэн гурван талын уулзалт үр бүтээлтэй болсон гэж АНУ-ын Төрийн департамент үзэж байна. Үүний хамт санал зөрөлдөөнийг арилгаагүй учир нөр их ажил хийх хэрэгтэй гэж Вашингтон тэмдэглэв. Өчигдөр Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд энэ тухай хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
Мэдээний тоймд өдөр бүр дурдагдаж байгаа Сири улс 2013 онд байлдааны ажиллагаа явагдах дэлхийн цорын ганц газар нутаг бишээ. Өрнөдийн шинжээчдийн үнэлснээр энэ онд наанадаж 10 улс оронд архаг зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, шинэ мөргөлдөөн үүсч мэднэ. Жишээ нь Сирийн хөрш Ливан улсад ийм аюул тулгарав.
2014 онд ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дууссаны дараа огцроно гэж өчигдөр Вашингтонд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдлээ. Түүнчлэн Афганистанд чөлөөтэй сонгууль явуулсны дараа ерөнхийлөгчийн албан тушаал хаших боломж залгамжлагчдаа олгоно гэж тэрээр мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг уламжлав.
Афганистанд байгаа америкийн цэргийнхэн энэ хавар гэхэд Афганистанд олонхи ажиллагаагаа зогсооно гэж өчигдөр Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзсныхаа дараа зарлан мэдээллээ. Обама, Карзай хоёр энэ хавар гэхэд НАТО-гийн цэргээс гол төлөв афганистаны цэргийнхэнд тусламж үзүүлэх асуудлаар тохиролцов. Энэ зуны улиралаас наана ийм ажиллагаа явуулахгүй гэж урьд үзэж байсан.
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013