Афганистан нүдэн дээр дэлхийн тэргүүлэх мансууруулах бодис нийлүүлэгчийн нэг болон хувирлаа. “Цагаан үхэл” хөдөө орон нутгийн хүн амын олонхийн оршин амьдрах гол эх үүсвэр болжээ. Олон улсын терроризм, мансууруулах бодисын мафи мөр зэрэгцэн, өөр хоорондоо идэвхтэй хамтран ажиллаж байна. Мансууруулах бодисоос олж байгаа орлого терроризмыг санхүүжүүлэх чухал сувгийн нэг болоод байна. “АНУ, НАТО-ийн цэргийнхэн хариуцсан бүст афганистаны мансууруулах бодисын бүлгийн ихэнх хэсэг оршдог” гэсэн сонирхолтой баримтыг олон улсын терроризм, хар тамхины худалдааны асуудал эрхэлсэн шинжээч Игорь Хохлов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэлийн өсөлт энэ улсад гадаадын зэвсэгт хүчний тооны өсөлттэй гайхалтай уялдаж байна. Афганистан дахь НАТО-ийн олон улсын хүчин Талибан хөдөлгөөний эсрэг тэмцэхэд гол анхаарал хандуулж, афганистаны тариачдын орлогын цорын ганц эх үүсвэр тул хар тамхины намуу цэцгийн тариаланг бүрэн устгах асуудлыг огоорч байна. Ийм аргаар мөнгө олох боломжийг үгүй хийвэл тэднийг талибан хөдөлгөөний эгнээнд түлхэж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр ийм бодлого мухардмал болох нь илэрхий байна. Мансууруулах бодисын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хар тамхины намуу цэцгийн тариалалтыг нэмэгдүүлэх нь террористуудыг тэтгэж, энэ талаар юу ч хийж чадахгүй байгаа төв засгийн газрын нэр хүндийг унагаж байна” гэж Хохлов санууллаа. Мансууруулах бодисын асуудлыг шийдэхгүйгээр аюулгүй Афганистан гэж байхгүй гэдэг нь ойлгомжтой. Орос улсын эвслийн хүчинд санал болгосон Афганистаны асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөнд мэдээлэл солилцох, мансууруулах бодисын худалдаанд хяналт тавих, мансууруулах бодисын худалдаанаас олсон орлогыг хууль ёсны болгохын эсрэг тэмцэх, мансууруулах бодистой тэмцэх байгууллагад боловсон хүчин бэлтгэх бүхэл бүтэн цогц практик алхамыг тусгасан юм. Олон улсын мансууруулах бодисын наймаатай тэмцэх ерөнхий талбарыг ойрын үед байгуулна гэх бүх үндэслэл байна. Москва хотод энэ зун болох “Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэл-олон улсын хамтын нийгэмлэгийн сорил” Олон улсын форум энэ зорилтыг шийдэнэ. Энэ форумд НҮБ, НАТО, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн орон оролцоно. Афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэлийг бүрэн устгасны үндсэн дээр асуудлыг системтэй шийдэх боломжтой.