Михаил Тимофеевич Калашников 1919 оны 11-р сарын 10-нд Сибирийн Алтайн хязгаарын Курья тосгонд төржээ. ЗХУ болон Орос улсын буудлагын зэвсгийн гарамгай зохион бүтээгч тэрээр Орос улсын баатар цол болон Социалист хөдөлмөрийн баатар цолыг хоёр удаа нэгэн зэрэг авсан цорын ганц хүн юм. Тэрээр олон хүүхэдтэй тариачны гэр бүлийн 17 дахь хүүхэд нь байв. Эх нь 19 хүүхэд төрүүлснээс 8 нь амьдарчээ. Ажилгүй байсан тул тэрээр 18 настайдаа төрлөх тосгоноосоо явж, Казахстанд төмөр замын байгууллагад оржээ. Михаил тэнд өдөр өнгөрөх тусам техникийг улам сонирхосоор байсан юм. 1938 онд түүнийг Украинд Улаан армийн танкийн хороонд цэрэгт татжээ. Энэ  л үед Калашниковын зохион бүтээх авьяас нь илэрсэн байна. Тэрээр танкны хөдөлгүүрийн нөөцийн тоолуур, буудлагын үр ашгийг дээшлүүлэхийн тулд гар бууны оньс зохион бүтээсэн юм. Энэ бүтээл их чухал байсан тул зохион бүтээгчийг армийн генерал Георгий Константинович Жуковт илтгэхэд дууджээ. Бүтээлийг нь Москвад туршихаар илгээж, хожим Ленинградын үйлдвэрт бөөнөөр үйлдвэрлэсэн байна. Калашников 1941 онд Эх орны дайнд танкны командлагч байсан бөгөөд 10 –р сард хүнд шархадсан юм. Эмнэлэгт автомат буу бүтээх санаа оргилжээ. Эмнэлгийн номын сангийн ном судалж, хар зураг, зургийг нь гаргасан юм. Эмчийн шийдвэрээр зургаан сарын амралт аваад, Казахстанд ирсэн даруйдаа пулемёт бууны анхны загварын нэлээд төгс хэлбэрийг бүтээж, буудлагын зэвсгийн гарамгай эрдэмтэн А.А.Благонравовт үзүүлжээ. Тэрээр залуу зохион бүтээгчийн бүтээлийг бүхэлд нь сөргөөр үнэлсэн ч, бүтээл нь сонирхолтой, ер бусын болохыг тэмдэглэж, түүнийг цаашид сургахыг зөвлөжээ. Хожим нь Калашниковын пулемёт бууг Улаан Армийн Их бууны гол удирдах газар танилцуулсан юм. “Калашниковын пулемёт бууг бүтээхэд төвөгтэй, өмнөх бүтээлүүдээс өндөр өртөгтэй, удаан ажиллах хэрэгтэй. Тиймээс хөнгөн, авсаархан, ганц галтай, дамжуулагч, хамгаалагчийг амжилттай багтаасан зэрэг олон давуу талыг үл харгалзан үйлдвэрлэх боломжгүй” гэж шинжээчид тэмдэглэжээ.Калашниковын автомат 1947 онд уралдаанд түрүүлж 1949 оны 5-р сарын 20-нд 1500 автомат буу цэргийн туршилтыг амжилттай давж, Зөвлөлтийн армийн зэвсэглэлд нэвтрүүлжээ. 1971 онд Михаил Тимофеевичид техникийн ухааны докторын зэрэг олгосон юм. Тэрээр оросын болон гадаадын янз бүрийн 16 академийн академич билээ. 1994 онд зохион бүтээгчид хошууч-генерал, 1999 онд дэслэгч генерал цол олгосон юм.