Михаил Сергеевич Горбачев 1931 он 3-р сарын 2-нд Оросын өмнөд хэсгийн Ставрополь хязгаарын Привольное тосгонд орос-украин гэр бүлд төржээ. 1950 онд сургуулиа мөнгөн медальтай төгсөхөд нь Москвагийн улсын их сургуулийн хуулийн факультетад элсэлтийн шалгалт авалгүй, бүр ярилцлагагүй элсүүлжээ. Горбачев ажилчин-тариачин гаралтай, хөдөлмөрлөсөн хугацаа, Хөдөлмөрийн улаан тугийн одон зэрэг төр засгийн өндөр дээд шагнал хүртсэн, 10-р ангид сурч байхдаа ЗХУ-ын коммунист намын гишүүнээр нэр дэвшсэн зэрэг нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. “Чухам Москвагийн их сургуульд улс орны түүх, одоо болон ирээдүйг шинээр ухамсарласан урт удаан үйл явц эхэлсэн байна.”М.С Горбачев 1985 оны 3-р сард ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Түүнийг төрийн эрхэнд гарах үест “өөрчлөлт шинэчлэлт” нэртэй улс орныг ардчилалд шилжүүлэх үйл явц эхэлсэн. Үүний хөдөлгөгч хүч нь “ил тод”, “нээлттэй” байдал байсан бөгөөд 1990 онд зөвлөлгийн түүхэнд анх удаа төр засаг парламентын засаглалд шилжих хөтөлбөр боловсруулсан юм. Михаил Сергеевич 1990 оны 3-р сарын 15-нд ЗХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 1985-1991 онд өрнөд болон ЗХУ-ын харилцаанд эрс өөрчлөлт гарч, дайснуудаас түншийн хэлбэрт шилжсэн байна. “Хүйтэн дайныг эцэс болгож”, цөмийн зэвсгэлэлээр үл хөөцөлдөх, Германийг нэгтгэхэд түүний үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн юм. М.С. Горбачевт гарамгай шинэчлэгчийн хувьд, их гавяа байгуулсны төлөө 1990 оны 10-р сарын 15-нд Нобелийн шагнал олгожээ. М.С Горбачев 1991 оны 12-р сарын 25-нд төрийн тэргүүний бүрэн эрхээ шилжүүлсэн байна. Түүний улс төрийн үйл хэрэг үүгээр төгсөөгүй. Тэрээр 1992 онд Горбачев сан буюу нийгэм-эдийн засаг, улс төр судлалын олон улсын сан байгуулсан юм. Михаил Сергеевич Орос улсын улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байна. 1996 оны сонгуулийн үеэр түүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн юм. М.С Горбачев тууштай социал-демократ үзэлтэй, 2001-2007 онд Орос улсын социал-демократ намыг байгуулсан байна. М.С.Горбачев 1992-2008 онд 50 оронд 266 удаа айлчилжээ. Тэрээр 300 гаруй шагнал, диплом, хүндэт жуух бичиг, гавьяны тэмдэгтэй. Мөн 1992 оноос хойш 10 хэлээр олон арван ном хэвлүүлсэн байна.