Өнөөдөр өглөө Энэтхэгийн өмнө хэсэгт зорчигчдын галт тэрэгний цувааны нэгэнд түймэр гарч дор хаяж 23 хүн амь үрэгдэн, 9 хүн гэмтэл, шарх авсан тухай Энэтхэгийн телевизийн NDTV сувгийн сайт дээр мэдээлжээ. Энэтхэгийн Андхра-Прадеш мужийн нутаг дэвсгэрт Нандед хотоос Бангалор орохоор явсан хурдан галт тэргэнд түймэр гарсан байна. Түймэрт автсан галт тэргэнд 72 хүн байсан бөгөөд зорчигчдын ихэнх нь галаас бултан цонхоор үсэрчээ. Гал гарсны шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Одоогийн байдлаар түймрийг бүрмөсөн унтраасан ч суунагласан гашуун утаа гал сөнөөгчдөд галт тэрэгний дотогш ороход саад болж байна гэж телевизийн суваг онцолжээ.