БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны авга эгчийн нөхөр Чан Сон Тхэкийг тус улсын кино архивын дүрсүүдээс хассан тухай ХМХ-үүд уламжилжээ. Бямба гаригт Умард солонгосын Төв телевиз “сонгун” төрийн бодлогын тухай болон тус улсын удирдагч Ким Чен Ыны тухай баримтат киног давтан харуулсан тухай Өмнөд солонгосын “Йонхап” агентлаг уламжилжээ. Уг киноноос Чан Сон Тхекийн дүрсийг монтажаар авч хаясан болохыг Өмнөд солонгосын үзэгчид анзаарчээ. Шинжээчдийн яриагаар, БНАСАУ түүхэндээ анх удаагаа таалагдаагүй түшмэдийг түүхэн хальснаас устгасан аж. Үүнийг мөн өмнөдийн тагнуудын албаны Чан Сон Тхэкийн огцролтын тухай мэдээлэл нотлож байна.

Чан Сон Тхэк нь БНАСАУ-ын удирдагч асан, талийгч Ким Чен Ирын эгчийн нөхөр бөгөөд Умардын БХЯ дэд тэргүүний албан тушаалыг хашиж байсан төдийгүй төрийн тэргүүн Ким Чен Ыны “зөвлөхүүдийн зөвлөлийг” тэргүүлж байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, өндөр албан тушаалтны энэхүү огцролт Солонгсоын хөдөлмөрийн намын явуулж байгаа эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлэх үйлсэд сөргөөр нөлөөлж мэдэх аж.