Таиландын Засгийн газар болон сөрөг хүчин өнөөдөр хэдэн өдрөөр сөргөлдөөнийг зогсоохоор тохиролцсон тухай CNN засгийн газрын төлөөлөгчийг иш татан уламжлав. Тус улсын хаан Пхумипхон Адулъядетын 86 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан эл тохиролцоонд хүрчээ.

Өмнө нь мягмар гаригт сөрөг хүчнийхэн өөрсдийн ялалтын тухай зарласан. Энэ явдал тус улсын удирдлага Бангкок дахь засгийн газрын байрны нутаг дэвсгэр дээр орж ирэх зөвшөөрөл олгосны дараа болсон юм.

Эрх баригчид өөрсдийн зүгээс Засгийн газрын хаалгыг нээсэн нь цус асгарахаас сэргийлэх гэсэн арга хэмжээ бөгөөд нутаг дэвсгэр болон байрыг эзлэн авсан утгатай бус юм гэж мэдэгджээ.

Сөрөг хүчний жагсаалууд Бангкокт сар илүүтэй үргэлжилж байгаа бөгөөд Йинглак Чинаватын тэргүүлдэг засгийн газрыг огцруулах зорилготой юм. Хатагтай Чинават нь тус улсын ерөнхий сайд байсан бөгөөд одоо гадаадад цөллөгт байгаа Таксина Чинаватын бага дүү юм. Йинглак Чинаватыг ахынхаа удирдлагаар ажилладаг гэж үздэг байна. Бангкокт гарсан эмх замбараагүй байдлын дүнд таван хүн алагдаж, 200 гаруй хүн гэмтжээ.