Украйны янз бүрийн сөрөг нам, хөдөлгөөнүүдийн төлөөлөгчдийн нийлж нэгдсэн «евроинтеграци» -ийн талууд өнөөдөр улсын нийслэлд засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна. Өглөө ДХЯ-ны тэргүүн асан Юрий Луценко засгийн газрын байрладаг дүүрэг орчмыг хаахаар чиглэн явсан жагсагчдын цувааг толгойлсоныг «Украйны үнэн сонин» мэдээллээ.

Жагсагчид улсын парламент байрладаг хотын төвд гудамжийг хааж бэхэлгээ барьж эхэлжээ гэж «РИА Новости» агентлаг мэдээлсэн байна. Тэр үеэр засгийн газар парламент луу цагдаагийн тусгай отрядыг явуулж байшинг бүсэлсэн байна.

Интерфакс агентлагийн мэдээгээр хаалт болгож цагдаагийнхан парламентын өмнө олон тооны автобусыг тавьж парламентыг тойрон цагдаагийн ажилтнууд 5 эгнээгээр жагсчээ.

Урьд мэдээлснээр Украйны засгийн газар ЕХ-той нэгдэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсанаас 11-р сарын 21-нд Киевт эсэргүүцлийн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцэгчдийг хүчээр хөөхийг оролдсоны дараа Киевийн гудамжуудад улсын ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг уриалж, засгийн газрын эсрэг уриа лоозон цуурайтсан байна. Өчигдөр жагсагчид Украины засгийн газрын байшинг бүсэлсэн юм. Өнөөдөр Украины парламент хуралдаж улсын засгийн газарт итгэхгүй болсон талаар авч хэлэлцэх болно.