НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн АЗ-д явуулсан захидалдаа сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа ахицтай байгааг тэмдэглэжээ. Түүнчлэн дэлхийн хамтын нийгэмлэгээс энэ үйл ажиллагааг цагт нь дуусгахаар урьд үзэгдээгүй хүчин чармайлт гаргаж байна гэж тэрээр мэдэгдсэн тухай АП агентлаг мэдээллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга захидалдаа Сирид химийн зэвсгийг устгах ажиллагааг хянан шалгаж байгаа НҮБ болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлын төлөө сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн химийн зэвсгийг Сириэс гаргаж, хилийн чанадад устгах төлөвлөгөө болон ийм ажиллагаа явуулах газар тов тодорхой байх ёстой гэж тэрээр тэмдэглэв.

Сирийн тогтворгүй байдал тус улсын химийн зэвсгийг устгах ажиллагаанд саад болж байна гэж үүний өмнө НҮБ ба Химийн зэвсгийг хориглох байгууллагын төлөөлөгчдийн үйл ажиллагааны зохицуулагч Сигрид Кааг мэдэгдсэн билээ. Сирийн засгийн газар үүргээ биелүүлж, төлөөлөгчдэд дэмжлэг үзүүлж байна гэж тэрээр тэмдэглэжээ.

11-р сарын 15-нд Химийн зэвсгийг хориглох байгууллагын гүйцэтгэх зөвлөл сирийн химийн зэвсгийг устгах нарийн тодорхой төлөвлөгөөг батлав. Энэ төлөвлөгөөний дагуу изопропанолээс гадна химийн зэвсэг үйлдвэрлэхэд хэрэглэх бүх материалыг 2014 оны 2-р сарын 5-аас наана, илүү аюултай бодисыг энэ оныг дуустал гаргах ёстой.