Исламабадад Орос,Хятад, Пакистаны дипломат ажилтнууд олон улсын хүчнийг 2014 онд Афганистанаас гаргахтай холбогдуулан тус улсын байдлыг авч үзэж хэлэлцлээ. 2014 он ойртох тусам Афганистаны байдал бүс нутгийн энх амгалан тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлж байна гэж Пакистаны ГХЯ мэдээлжээ. Москва, Бээжин, Исламабад гурав үүнтэй холбогдуулан гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсон гэж мэдээлэлд өгүүлжээ.

Эдгээр гурван орны дипломат ажилтнууд афганистаны үндэсний эвлэрэлийн үйл явцыг дэмжиж, энэ чиглэлээр хүчин чармайлтаа идэвхжүүлэх нь зайлшгүй чухлыг онцлов. Талууд дэлхийн хамтын нийгэмлэгийг Афганистаны эдийн засгийн хөгжилд илүү өргөн оролцуулахын төлөө байна.

ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид Пакистан, Афганистаны хоорондын дээд хэмжээний яриа хэлэлцээ өргөжиж байгааг сайшаан дэмжээд яриа хэлэлцээ бүс нутгийн байдалд нааштай нөлөөлж байгааг тэмдэглэв. Талууд Афганистаны талаар ШХАБ-ын үүргийг дээшлүүлж бэхжүүлэхээр зөвшилцэв. Гурван талын ээлжит зөвлөлдөөн 2014 оны эхний хагаст Москвад болох юм.