Өнөөдөр ОУСС ажиллаж эхэлснээс хойш 15 жил боллоо. Энэ нь станц дэлхий орчмын тойрог замд байж ажиллах баталгаат хугацаа юм. Гэвч Олон улсын сансрын станц ядаж 2020 он хүртэл ажлаа үргэлжлүүлнэ.

«Сансар эзэмших замаар хийх дараачийн алхам-гариг хоорондын нислэг ОУСС-ад хийсэн ажлын туршлагад тулгуурлана гэж одоо ч лавтай хэлж болох» тухай Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн дарга гавьяат сансрын нисгэгч Сергей Крикалёв станцын ойг тохиолдуулан мэдэгдлээ.

«ОУСС дэлхийн бүх оршин суугчад чухал ач холбогдолтой. Юу гэвэл дээд зэргийн технологийг сансрын төлөө зохион бүтээж, чухам сансарт туршсан» гэж Крикалёв нэмж хэллээ. Түүнээс гадна ОУСС эрдэм шинжилгээний тэргүүний судалгааны үндэс суурь болж байна гэж Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн дарга тэмдэглэн хэллээ.

Станц дэлхийг тойрон нисч,3,5тэрбум км урт замыг давж туулсан.ОУСС бол сансар дахь хамгийн том техникийн объект, хүн төрөлхөтний түүхийн эрдэм шинжилгээний хамгийн үнэтэй төсөл юм.

Одоогоос 40 жилийн тэртээ ЗСБНХУ-д үүссэн дэлхий орчмын тойрог замд ажиллах томоохон объектыг зохион бүтээх үзэл санаа «Салют», «Мир» станцуудаар бүтэж илрэв. Орчин цагийн соёл иргэншлийн хамгийн тэргүүний технологи болон сансрын үйл ажиллагааны хүрээнд ОУ-ын хуримталсан арвин туршлага ОУСС-д шингэсэн.

Оросын сансрын нисгэгч Олег Котов, Сергей Рязанский, Михаил Тюрин нар болон НАСА агентлагийн Майкл Хопкинс, Ричард Мастраккио, түүнчлэн японы ЖАКСА сансрын агентлагийн сансрын нисгэгч Коита Ваката нар бүрэлдэхүүнд нь орсон 38 дахь баг одоо тойрог замд ажиллаж байна.

Дэлхийн 15 улсын 200 гаруй төлөөлөгч 15 жилийн дотор ОУСС-д ажилласан юм. ОУСС 15 жил ажиллахдаа эрчимтэй хөгжиж, боловсронгуй болсон байна. Эхлээд станц хоёрхон модультой байсан. Олон улсын хамтын ажиллагааны ачаар нэлээд өргөжсэн байна. Одоо олон улсын олон зориулалтат судлалын цогцолбор болсон» гэж Сергей Крикалёв онцлон тэмдэглэв.