Оросын Татарстаны “Боинг 737” онгоц ням гаригийн орой Казаний онгоцны буудалд буух үедээ осолдов. Онгоцонд явсан 50 хүний амь эрсдэв. Мэдээллийн агентлагуудын уламжилж байгаагаар, онгоцны осолд Татарстаны ерөнхийлөгчийн хүү Ирек Минниханов амь эрсджээ. Онгоцонд Татарстаны Холбооны аюулгүй байдлын албаны удирдах газрын тэргүүн Александр Антонов нисч байжээ. Түүний нэр амь эрсдэсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтанд байна. ОХУ-ын ОБЯ-ны албан ёсны сайт дээр нэрсийн жагсаалтыг нийтлжээ.

Диспетчерүүдийн мэдээлснээр, онгоц буулт хийхээр хоёр дахь удаагаа тойрох үедээ газар шүргэжээ. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна, гэхдээ цаг уурын хүнд нөхцөл, төхөөрөмж ажлаагүй болон нисэгчдийн буруугаас гэх тамгуудыг судлан үзэж байна. Казаний онгоцны буудал даваа гаригийн үд хүртэл хаалттай байх болно. Учир нь ослын гарсан газар дээр хууль хяналтын болон Орос улсын ОБЯ-ны төлөөлөгчид ажиллаж байна. Мөн олон улсын нисэхийн хорооны мэргэжилтнүүд ирэх юм. Ространснадзор /Оросын тээврийн хяналтын байгууллага/ “Татарстан” нисэх компанийг шалгаж эхлээд байна. Нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгож эхлээд байна. Татарстаны ерөнхийлөгч Рустам Миннихановын зарлигаар 11-р сарын 18-ны өдөр Татарстанд гашуудал зарлав.