Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Мөн өнөөдөр Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль Фадли, Турк улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагез нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдуудыг хүлээн авч уулзав.

ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, ОХУ-ын харилцаа нь ахмад үеийнхний цус, хөлсөөр гагнагдсан он удаан жилийн уламжлалт найрсаг харилцаа болохыг тэмдэглэж байлаа. Энэхүү харилцааг цааш өргөжүүлэх шинэ шатанд Элчин сайдаар томилогдон ирж байгаад нь ноён Искандер Кубарович Азизовт баяр хүргэсэн юм.

Элчин сайд И.С.Азизов Монгол Улсын Төрийн тэргүүнээр дахин сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд хоёр орны харилцааг цааш гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.

Мөн ирэх 2014 онд тохиох Халх голын ялалтын 75 жилийн ойг хоёр тал хамтран тэмдэглэх талаар дурдаж, энэ арваннэгдүгээр сарын 25-26-нд Москвад болох Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанд ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.