ХКН-ын ТХ-ны Улсын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах тухай шийдвэр улс оронд хохирол учруулахыг санаархсан этгээдүүдийг бухимдуулна гэж Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдэв.

Ирэх арван жилд хятадын шинэтгэлийн чиглэлийг тодорхойлсон ХКН-ын ТХ-ны саяхны бүгд хурлаас тус зөвлөлийг байгуулах тухай шийдвэр гаргаж батлав. Энэ нь үндэсний аюулгүй байдлын систем, түүний стратегийг сайжруулах боломж олгоно гэж бүгд хурлын албан мэдээнд өгүүлжээ.

Үүний хамт баримт бичиг шинэ байгууллагыг удирдах ба үйл ажиллагааны нь зарчмуудыг агуулахгүй байна. Цинь Ганы хэлснээр зөвлөлийн үйл ажиллагаа терроризм, хэт даврагч үзэл, салан тусгаарлах үзэл түүнчлэн БНХАУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн бүх хүчний эсрэг чиглэгдэх юм.

Шинэ байгууллага БНХАУ-ын жин олон улсын тавцанд өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд олон улсын асуудлуудад илүү сайн хариу өгөх боломж улс оронд олгоно гэж БНХАУ-ын ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судлалын хүрээлэнгийн ажилтан Цюй Син «Жэньминь жибао» сонинд бичжээ.

Шинэ байгууллагыг үүсгэн байгуулсан нь олон улсын хурц асуудлаар хятадын гадаад бодлого илүү идэвхтэй давшингуй болохыг тусган харуулж байна гэж Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин оросын «Ведомости» сонинд мэдэгдлээ.

Янз бүрийн байгууллага (Төрийн департамент, Цагаан ордон болон цэргийн байгууллагууд ба тусгай албад, эдийн засгийн талаархи шинжээчид) нэгтгэсэн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хятадын шинэ зөвлөлийн үлгэр жишээ болно гэж шинжээчид үзэж байна.

Ийм байгууллагыг үүсгэн байгуулсан явдал ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпиний засаглал нягтарч байгааг харуулсан засгийн эрхэнд гарсан анхны жилдээ хийсэн хүчтэй алхам гэж ТТГ-ын Кристофер Жонсон үзэж байна.