Сүүлийн албан ёсны мэдээгээр 11-р сарын 8-ны Филиппинд гарсан “Хайянь” супер хар салхины улмаас 2275 хүн амь үрэгдэж 84 хүн сураггүй алга болсон байна.Тус улсын ерөнхийлөгч Бенигно Акино CNN агентлагт өгсөн ярилцлагадаа, гамшигт амиа алдсан нийт хүмүүсийн тоо 2,5 мянга гэснийг Ройтер агентлаг уламжлав. Тэрээр өмнө нь орон нутгийн эрх баригчдын мэдээлж байсан нас барагчдыг 10 мянга хүрч мэднэ гэснийг хэтрүүлсэн тоо гэжээ.

Ерөнхийлөгчийн яриагаар, Филиппины засгийн газар гамшигийн үр дагавруудын тухай мэдээллийг үргэлжлүүлэн авсаар байна. Тус улсын 29 хотоос нас барсан болон сураггүй болсон хүмүүсийн тухай мэдээлэл ирээгүй байна. Учир нь гамшигийн үр дагаварын улмаас аврагчид хүрч чадахгүй байна.

Нөгөөтэйгүүр, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Гвендолин Пан Филиппины ”гамшигт амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж мэдэхээр байна“ гэж агентлагт уламжилжээ. Түүний авсан мэдээгээр, сураггүй алга болсон хүмүүсийн тоо 22 мянгад хүрээд байгаа юм. Ингэхдээ тэр сураггүй алга болсон хүмүүсийн төрөл төрөгсөд тэдгээрийг олдсон тухай мэдэгдээгүй гэжээ.

НҮБ-ын дүгнэлтээр, “Хайянь” хар салхинд 9,8 сая хүн нэрвэгдсэний 670 гаруй мянган хүн орон гэрээ орхин явах шаардлагатай болсон бөгөөд ихэнх хүмүүс хүнсний хомсдолд ороод байна. Олон улсын хамтын нийгэмлэг “Хайянь” супер хар салхины хор уршгыг ялангуяа, гамшигт онцгой нэрвэгдсэн Таклобан хотын хор уршигийг арилгахаар идэвхтэй ажиллаж байна.

Орос, АНУ, Их Британи, Япон, Израиль, Бельги, Норвеги улсууд хүмүүнлэгийн тусламж болон хээрийн эмнэлгийн тусламжийг үзүүлж эхлээд байна. Урьдчилсан тооцоогоор, супер хүчтэй салхи Филиппинд 8-19 тэрбум долларын хохирол учруулаад байна гэж “Ройтер” агентлаг уламжилжээ.