Одоогийн Таджикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон өчигдөр болсон улсын ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан байна. Энэ тухай өнөөдөр тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Тэдний мэдээлснээр Рахмон сонгогчдын 83,6% -ийн саналыг авчээ. Сонгуульд саналаа өгөх эрхтэй иргэдийн бараг 87% нь сонгуульд оролцсон байна. Ийнхүү 1994 оны 11-р сараас Таджикстан улсыг удирдаж буй Рахмон ойрын 7 жил буюу 2020 он хүртэл ерөнхийлөгчөөр үлдэх болжээ. Үндсэн хуулийн дагуу энэ хугацаа түүний хувьд сүүлчийнх байх ёстой юм.

Гэвч Таджикстанд бүх ардын санал хураах замаар үндсэн хуулиа өөрчлөх туршлага аль хэдийн бий. Сонгуульд Рахмоноос гадна өөр 5 нэр дэвшигч оролцсон боловч тэдний дунд сөрөг хүчний төлөөлөгчдөөс байгаагүй байна.