Умард солонгосын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок АНУ-аас улс төрийн орогнол авсан бөгөөд тэнд арав гаруй жил амьдарч байна гэж “Чунан ильбо” сонинд бичжээ. Ко Ен Сок 1996 онд эгчийнхээ хүүг харгалзах даалгавартай Швейцар руу явсан аж. Тэр үед Умардын ирээдүйн удирдагч Берний олон улсын сургуульд суралцаж байсан.

Хоёр жилийн дараа гэнэт Ким Чен Уны нагац эгч алга болсон бөгөөд түүний хувь заяа огт сураггүй болжээ. Сонины мэдээлж байгаагаар, Ко Ен Сок болон түүний нөхөр 1998 оны 5-р сард Женев дахь АНУ-ын ЭСЯ-нд очиж улс төрийн орогнол хүсчээ.

Вашингтоноос орогнол аваад хосууд Франкфурт хүрч,улмаар АНУ-д очижээ. ТТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр, хосуудад пластик мэс засал хийсэн бөгөөд одоо тэд гэрчийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтанд байдаг байна.