Энэтхэг, Хятадын цэргийнхэн сүүлийн таван жилд анх удаагаа БНХАУ-ын баруун-өмнөд хэсэгт терроризмын эсрэг хамтарсан сургуулилтыг явуулж байна. Өчигдөр эхэлсэн сургуулилт Энэтхэгтэй хиллэдэг Түвдийн автономит районы бүсэд ордог БНХАУ-ын Чэндуны цэргийн тойргийн нутагт явагдаж байна.

Сургуулилт арав хоног үргэлжлэнэ. Уг арга хэмжээ нь Энэтхэг,Хятад хоёрын хооронд цэргийн хилийн хамтын ажиллагааны тухай шинэ гэрээ байгуулсны дараа болж буй юм. Сургуулилтанд хоёр талаас тус бүр 160 буюу, нийт 320 цэргийн албан хаагчид оролцож байна гэж “Таймс оф Индиа” бичжээ.

Оролцогчид барьцаалагдсан хүмүүсийг суллах болон террористуудыг баривчлах ажиллагааг зохицуулах асуудлаар туршлага солилцон, хамтарсан дайралтууд болон тактикийн бусад ажиллагаануудыг явуулна.

Чэдуны цэргийн тойргийн командлагчийн орлогч дэслэгч генерал Ян Зиньшань мэдэгдэлдээ, яг одоо Хятад, Энэхтэг улсууд үүнтэй адил даяаршлын тулгамдсан асуудал болоод байгаа терроризмын заналхийллүүдтэй тулгарч байна гэв.

Тэрээр Хятад улс Пакистантай энэ салбарт харилцаагаа бүхий л талаар зохицоод байна гэсэн юм. Одоо Бээжинд Хятадын чухал хөрш болох Энэтхэгтэй итгэлцлийн, найрсаг харилцаа тогтоох нь чухлаар тавигдаж байна гэж тэр нэмж хэллээ.

Энэтхэгийн талаас дэслэгч генерал Винод Бхатиа хийсэн мэдэгдэлдээ, энэ удаагийн цэргийн сургуулилт Энэтхэг, Хятадын хоёр талын хамтын ажиллагааг сэргээхэд “сайхан эхлэл “ болж байна гэжээ.