АНУ-аас европын холбоотнуудынхаа эсрэг тагнан турших ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг үүсгэсэн хэрүүл маргаан терроризмтэй хамтран тэмцэх асуудлыг өчигдөр Брюссельд хийж дууссан ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцогчдын анхаарлын төвд шилжүүлэхэд нөлөөлөв.

ЕХ-ны гишүүн 28 улсын удирдагчид төгсгөлийн хамтрасан мэдэгдэлдээ тусгай албадын ажлын талаар шинэ хандлагыг боловсруулж, АНУ-тай зөвшөлцөхийг уриалжээ. «АНУ, ЕХ хоёр ойр дотно харилцаатай байна.

Ийм түншлэл чухал ач холбогдолтой» гэж тэд тэмдэглэв. Үүний хамт түншлэл «харилцан хүндэтгэх, итгэх зарчимд тулгуурлах ёстой. Тэгэхгүй бол тагнуулын мэдээлэл авч нэгтгэн дүгнэх салбарт хамтын ажиллагаа хохирч мэднэ» гэж баримт бичигт өгүүлсэн байна.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены уламжласан баримт бичгүүд АНУ-ын тусгай албадаас европынхныг мөрдөж байгааг илрүүлэн илчлэв. ХМХ уламжласнаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн 35 улсын удирдагчдын утсаар хийсэн яриануудыг сэм чагнасан аж.

Канцлер Ангела Меркелийн гар утасны яриануудыг сэм чагнасныг нотолсон баримтууд байна гэж энэ долоо хоногт ХБНГУ-ын удирдлага мэдэгдсний дараа хэрүүл маргаан улам ширүүсэв. Меркель Францын Ерөнхийлөгч Олландтой ЕХ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн уулзсан байна.

Тэд эдгээр хоёр орны тусгай албад АНУ-ын тагнуулын албадтай хамтран ажиллах зарчмыг хянан үзэх асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхийг санаачлав. Германы төлөөлөгчид Вашингтонд айлчилж байгааг өчигдөр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки батлав. ХБНГУ-ын янз бүрийн тусгай албаны ажилтнууд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ.