Францын Ерөнхийлөгч Франсуа Оландтой хамт хоёр орны тагнуулын албад АНУ-тай хамтран ажиллах төлөвийг хянан үзэх бодолтой байна гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр мэдэгдэв.

АНУ-ын тусгай албад европын олон улс орны удирдагчид ба дээгүүр албан тушаалтай түшмэдийн утсаар хийсэн яриаг чагнаж байна гэж мэдээлсний дараа Меркель тагнуулын түншлэлийн шинэ дүрэм зайлшгүй чухлыг мэдэгдэв.

Санаачилгад нь нэгдэхийг ХБНГУ-ын канцлер бусад улсад уриалсан тухай британийн «Файнэншл таймс» сонинд бичжээ. Үүний хамт Берлин, Парис хоёр АНУ-тай хоёр талын хэлэлцээ хийнэ. Тэд хэлэлцээг энэ оны эцэс гэхэд хийж дуусах бодолтой байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг европын улс төрчдийн утасны яриаг сэм чагнасантай холбоотой хэрүүл маргаан өчигдөр орой нээгдсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг өөрчлөхэд хүргэв. Европын 28 орны удирдагчид тусгай мэдэгдэл гаргаж, АНУ-ын нууц албадын үйл ажиллагаанд сэтгэл түгшснээ илэрхийлжээ.

Америкийн талтай хэлэлцээ хийж, асуудлыг энэ оныг дуустал шийдвэрлэхийг уриалсан байна. Дээд хэмжээний уулзалтын анхны өдрийн дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал өглөөний гурван цаг болж байхад эхлэв. Европын зөвлөлийн дарга Херман Ван Ромпей ЕХ-ны орнуудын иргэд АНУ-ын тагнан турших ажиллагаанд сэтгэл түгшиж байгааг илэрхийлсэн мэдэгдлийг уншиж сонсгов.

ЕХ-ны удирдагчид энэ асуудалд анхаарал тавихыг ЕХ-АНУ ажлын хэсэгт даалгаж, энэ талаар түргэн ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг оролцуулан дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа бүх улсын удирдагчид мэдэгдэлд нэгдсэн гэж Ван Ромпей хэллээ. Их Британи АНУ-тай онц харилцаатай байсан ч ЕХ-ны мэдэгдлийг дэмжсэнийг тэрээр тэмдэглэв.