Сири улсын төрийн тэргүүний дараачийн сонгуульд намайг оролцуулахад ямар ч саад тотгор үгүй. Гэвч энэ тухай өгүүлэхэд эртдэнэ гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад үзэж байна. Өчигдөр тэрээр ливаны «Аль-Маядин»телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.

Түүнээс гадна Сирийн Ерөнхийлөгч Саудын Араб Улс, Катар, Турк улсуудаас сирийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж байгаа террористуудыг дэмжиж байгааг буруушаав. Үүний өмнө Асад германы долоо хоног дутмын «Шпигель» сэтгүүлд ярилцлага өгөхдөө сирийн ард түмэн дэмжлэг үзүүлвэл 2014 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн билээ.

Сирийн өнөөгийн Ерөнхийлөгч Башар Асад төрийн тэргүүнээр улиран сонгогдвол Сирид дайн цаашид үргэлжлэнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үзэж байна. Тэрээр Парист Катарын ГХЯ-ны тэргүүн Халид аль-Аттиетай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр энэ тухай мэдэгджээ.

Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга сирийн самуун дэгдээгчдийг дэмжиж байгаа «Сирийн анд» гэгч 11 улсын төлөөлөгчидтэй хамт олон улсын уулзалтад оролцох юм. Хэлэлцээ Лондонд хийнэ. Талууд 11-р сарын сүүлээр хуралдаж мэдэх «Женева-2» сирийн асуудлаархи энх тайван бага хурлын бэлтгэлийг авч үзэж хэлэлцэнэ.

Түүнчлэн сирийн мөргөлдөөнийг зохицуулах болон Сирид засгийн эрхийг тайван замаар уламжлах боломжийг авч үзэх юм. Түүнээс гадна талууд Сирийн сөрөг, хувьсгалт хүчний Үндэсний эвслийг дэмжих хэлбэр, боломжийг хэлэлцэх бодолтой байна. Их Британи, Египет, Франц, Германи, Итали, Иордани, Катар, Саудын Араб Улс, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс, АНУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийх юм. Эдгээр улс «Сирийн анд» гэгч бүлгийн нэг ёсны цөм болжээ.