Ойрхи Дорнодын улсуудаар айлчлал хийж буй ЛАГ болон НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахими өнөөдөр Египтийн нийслэл Каир хотноо ЛАГ-ийн нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитэй хэлэлцээр явуулна. Тэдний хэлэлцээрийн гол сэдэв нь Сирийн асуудлыг энх тайвнаар зохицуулах олон улсын чуулган «Женев-2» -ыг зохион явуулах талаар байх болно гэж тусгай элчийн хэвлэлийн алба мэдээлжээ. Брахими Египтээс гадна бүс нутгийн арваад орноор айлчлах юм. Тэр тусмаа Сири, Иранд мөн очиж магад.

Каирт Египтийн ГХЯ-ны тэргүүн Набиль Фахмитэй хийсэн хэлэлцээрийн явцад, Сирид хямралыг дайны замаар шийдэх байдал байхгүй бөгөөд тэнд үргэлжилж буй өөр хоорондын тэмцэлдээн аль ч талд ялалт авчрахгүй болохыг Брахими мэдэгдсэн байна. Брахимийн ярьснаар «Женев-2» чуулган Сирид өөр хоорондоо тэмцэлдэж буй талуудыг улс төрийн шийдвэрийн замд чиглүүлэх шаардлагатай юм. Набиль Фахми ч өөрийн зүгээс Египет улс «Женев-2» чуулганд сирийн зөрчилдөөний бүх талууд оролцохын төлөө байгаагаа илэрхийлжээ. Хамгийн гол нь улс орны тусгаар тогтнол, аль хэдийн олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу тогтсон Сирийн газар нутгийн бүрэн байдлыг сахин хамгаалахыг сайд онцлон тэмдэглэсэн байна.

Урьд мэдэгдсэнээр «Женев-2» чуулган 11 сарын хоёрдугаар хагаст болж магадгүй. Энэхүү тохиролцлыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар баталсан билээ. Талууд түүнд Сирийн засгийн газрын төлөөлөгчид төдийгүй сөрөг хүчин оролцох талаар чуулганд бэлтгэх тодорхой алхмуудыг зөвшилцсөн юм. Чуулганы эцсийн товыг НҮБ Брахимийн хамтаар шийдвэрлэх болно.