Москвагийн Бирюлёво хорооллын оршин суугч Егор Щербаковыг хөнөөсэн хэрэгт сэжиглэгдсэн Азербайжан гаралтай Орхан Зейналов хэргээ урьдчилан хүлээв. Гэрч  болох амь үрэгдсэн залуугийн найз бусгүй түүнийг таньжээ. Өнөөдөр оросын «Ведомости» сонинд сэжиглэгдсэн этгээдийг саатуулахад оролцсон тусгай албаны нэгэн ажилтны мэдээллээс иш татан энэ тухай бичжээ.

Азербайжан хүний түрээслэсэн байрны эзэн цагдаагийн газарт хандсаны дараа Зейналовыг Москва орчимд саатуулав. Тэр тусгай албаны ажилтнуудтай албан бусаар ярилцахдаа хэргээ хүлээсэн тухай ДХЯ-аас «Интерфакс» агентлагад мэдээлжээ.

Зейналов л Щербаковын амь насыг бүрэлгэсэн нь эргэлзээгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байна. РИА Новости агентлаг Оросын мөрдөн байцаах хорооны албан төлөөлөгч Владимир Маркины энэ тухай мэдэгдлийг дурдав.

Зейналовыг өчигдөр Москва орчмын Коломна хотод СОБР тусгай албаны ажилтнуудын дэмжлэгээр саатуулсан юм. Түүнийг цагдаагийн газрын нисдэг тэргээр Москвад хүргэв. Щербаковыг хөнөөсэн хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг таньсан байраа түрээслүүлэгч 1 сая рублийн шагнал авах юм.

Егор Щербаковыг өнгөрсөн пүрэв гаригийн шөнө хөнөөжээ. Мөрдөн байцаах газраас мэдээлснээр тэр найз бусгүйтэйгээ хамт гэртээ харих гэж байсан. Кавказын оршин суугчийн дүр төрхтэй үл таних эрэгтэй орон сууцны орцны дэргэд ойртсон байна.Хэрүүл маргааны явцад үл таних этгээд Щербаковыг хутаглан хөнөөжээ.

Орон нутгийн оршин суугчийг ийнхуүү хөнөөсэн гэмт хэрэг нийт олныг үймүүлэв. Ням гаригт Бирюлёвод ард олон цугларч, дараа нь түйвэн бусниулах ажиллагаа үүсэв. Тэр өдөр 380 хүнийг саатуулсан билээ. Даваа гаригт орон сууцны хорооллын оршин суугчид ахин цугларав. Энэ удаагийн жагсаал цуглаан тайван болсон ч хэдэн хүнийг бас саатуулсан юм.