Энэ оны 9-р сард Дамаскийн нэгдэн орсон химийн зэвсгийг хориглох Гэрээ Сирийн хувьд өнөөдрөөс үйлчилж эхэлж байна. Гэрээ оролцогч улсыг химийн зэвсэг хэрэглэх, түүнийг бэлтгэхэд цэрэг дайны бэлтгэлийг явуулахыг хориглодог байна. Үүнээс гадна Гэрээний 1-р заалтын дагуу Сири улс өөрийн эзэмшилд байгаа химийн зэвсгийн бүх нөөц, мөн химийн зэвсэг үйлдвэрлэдэг бүх объектуудыг устгах ёстой юм.

9-р сард сирийн тал Гэрээнд нэгдэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж НҮБ болон ХЗХБ-д өөрийн химийн зэвсгийн мэдээллийг дамжуулсан билээ. Улмаар 9 сарын сүүлээр тусгай хуралдаанаар ХЗХБ-ын 41 гишүүн 2014 оны дунд гэхэд сирийн химийн зэвсгийг устгах ажлыг түргэсгэх хөтөлбөрийг баталсан юм. 10 сарын 1-ээс НҮБ, ХЗХБ-ын шинжээчдийн тэргүүн бүлэг тус улсын нутаг дэвсгэрт Сирийн химийн зэвсгийн нөөцийг шалгах, түүнийг устгах үйл явцын эхлэлийг хянахаар явжээ. Ойролцоогоор 100-аад хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн үндсэн бүлэг 11 сарын 1-с ажиллаж эхлэх бөгөөд 2014 оны 6 сарын 30 гэхэд өөрсдийн ажиллагаагаа дуусгах ёстой байна.

10 сарын 6-аас сирийн засгийн газар аль хэдийн нилээд төрлийн химийн зэвсгийг устгаж, тоног төхөөрөмжийг мөн задалж эхэлжээ. Энэ оны 11 сарын 1 гэхэд Дамаск хорт бодисыг хольж найруулах болон түүнийг сэлбэж дамжуулдаг бүх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн ажилгүй болгох ёстой юм.