Ямар нэг улс төрийн бүлэг намайг хулгайлах ажиллагааг зохион байгуулсан гэж Ливийн засгийн газрын тэргүүн Али Зейдан мэдэгдэв. Тэрээр францын «Франс 24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ нь засгийн газрыг түлхэн унагахыг аль байдгаараа оролдож байгаа улс төрийн нам гэж тэмдэглэжээ.

Тэрээр чухам ямар нам өөрийг нь хулгайлж барьцаалсныг тодруулж өгүүлсэнгүй. Гэвч ойрын өдрүүдэд энэ тухай мэдээлнэ гэж амлажээ.

Өчигдөр өглөө зэвсэгтэй этгээдүүд Ливийн Ерөнхий сайд Али Зейданыг хулгайлж, үл мэдэх газар луу явуулсан тухай мэдээлсэн билээ. Мэдээллийн агентлагуудын уламжласнаар Зейданыг Триполийн өмнөд хэсэгт цагдаагийн газарт байлгажээ.

Орон нутгийн зэвсэгтэй оршин суугчид цагдаагийн газрын байшинг бүслэж, Ерөнхий сайдыг суллахыг шаардсаны дараа түүнийг суллажээ. Арми ба ДХЯ-нд ёс төдий захирагдаж, бие даан ажиллагаа явуулж байгаа бүлэг Ерөнхий сайдыг хулгайлсан гэж Ливийн засгийн газар мэдэгдэв.