Хятад улсаас АНУ-д дайн зарлаагүй, зөвхөн сануулсан байна. Тус улс америкийн хөрөнгийг их хэмжээгээр гаргахаас эмээж, АНУ-ын үнэт цаасаар авсан үүргээ биелүүлэхээс татгалзахгүй. Япон АНУ-ын эдийн засагт Хятадаас бага хэмжээний хөрөнгө оруулсан боловч өрийг дарах аргагүй болсон нөхцөлд илүү хохирох юм.

АНУ төсвийн хямралаас болж Хятад, Япон зэрэг томоохон хоёр зээллүүлэгчдээ тавьсан өрөө дарж чадахгүй нөхцөлд байдал ямар болохыг «Оросын дуу хоолой» радиогийн шинжээчид  ийнхүү таамаглажээ.

Хятад улс АНУ-ын бараг 1,3 триллион долларын үнэт цаас авчээ. 1 триллион доллар оруулсан Япон хоёрт орж байна. Өчигдөр Хятадын сангийн дэд сайд үнэт цаасанд оруулсан хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаатай болгохыг Вашингтоноос шаардав. Онц нөхцөлд юуны түрүүнд төрийн облигацийн хүүг төлөх арга хэмжээ авахыг тэрээр уриаллаа.

Токио өрийг дарах аргагүй болохын хор холбогдолыг харгалзах ёстой гэж Японы сангийн сайд Тао Асо мэдэгдсэн байна. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер Бээжин,Токио хоёр өртэй этгээдийн хариуцлагыг бараг нэг зэрэг дурдсанд анхаарлыг хандуулаад

«Эдгээр нь АНУ-ын эдийн засагт херенге оруулж байгаа томоохон хоёр улс юм. Хятад, Японы хоорондын харилцаа сайн биш байсан ч эв санааны нэгдэлтэй уйл ажиллагаа явуулж байна» гэлээ.

Хятад улс долларын ханшийн эрс хэлбэлзэлээс эмээж, хөрөнгө оруулалтын үүргээ биелүүлэхээс татгалзахгүй гэж Яков Бергер үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хятад АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад ямагт тун хариуцлагатай байж, 2008 онд санхүүгийн хямрал гарсан нөхцөлд үнэт цаасаар зах зээлийг дайрч, АНУ-ын байдлыг даамжруулсангүй.

Хятадын ийм байр суурь дотоодын хямралыг давж, улс орныхоо төдийгүй дэлхий дахины өмнө хариуцлагаа ухамсарлахад нь АНУ-д туслана. Хятад үүнд багагүй үүрэг гүйцэтгэж мэднэ.Иймээс хятадын мэдэгдэл бол дайн зарлах биш, анхааруулсан үйл хэрэг» гэлээ.

Вашингтон, Бээжин хоёр нягт холбоотой юм. Одоо АНУ-д төсвийн хямрал гарсан нөхцөлд Хятадын хувьд даатгал л нэн чухал болсон гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хятадаас АНУ-д, АНУ-аас Хятадад хөрөнгө оруулсан. Энэ нь үнэн чанартаа харилцан хөрөнгө оруулалт билээ. Иймээс Хятад дангаар хөрөнгөө буцааж авахгүй. Буцааж авбал АНУ хөрөнгөө Хятадаас буцааж мэднэ. Энэ нь хоёр талын үйл явц юм.

Иймээс Хятад 2008 онд АНУ-ын банкууд дампуурсантай адил асуудал тулгарах үед даатгалд л гойд анхаарал тавина. Өөрөөр хэлвэл Хятад төрийн нэмэлт үүрэг авахыг шаардах бодолтой байна. Миний бодоход төсвийн хямралаас болж АНУ-ын эдийн засаг сүйдэнэ гэж Хятад үзэхгүй байна» гэв.

Японыг бодоход Хятад АНУ-д гарсан хямралын уршгийг илүү амархан арилгана гэж Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хятад байдал ийм болохыг тааварлаж, АНУ-ын үнэт цаасыг худалдахыг оролдсон билээ. Тус улс дотоодын зах зээлийг баримжаалах шийдвэр бүр хоёр жилийн өмнө гаргав. Энэ нь зөв шийдвэр болсон. Японы байдал эдийн засгийн дотоодын асуудлаас болж Хятадынхаас сул дорой байна.

Япон АНУ-аас илүү их шаалтгаалж байна. Хятад бол асар их үйлдвэрлэлтэй улс юм. «Фукушимагийн» хор холбогдол мэт асуудал байдлы нь хүндрүүлэхгүй байна. Японыг бодоход эдийн засгийн олон салбар нь жигд хөгжиж байна» гэв.

Хятад, Япон хоёр улсуудаас 2,4 триллион доллароос илүү их хэмжээний хөрөнгө АНУ-ын эдийн засагт оруулсныг «Оросын дуу хоолой» радиогийн шинжээчид тэмдэглэжээ. Бээжин зуучдын тусламжтайгаар үнэт цаасыг худалдан авсан.

Түүнээс гадна хятадын эрх баричид 3,5 триллион хөрөнгөө доллароор хадгалж байна. АНУ-ын улсын эд хөрөнгөд оруулсан японы хувийн хөрөнгө оруулалт ч нэлээд их байна. Иймээс АНУ-д хямрал гарсан нөхцөлд зээллүүлэгчдэд ямар цохилт өгөхийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байна.