Бүгд найрамдахчууд засгийн газрын санхүүжүүлэлтийг сэргээх, төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлэхийг зөвшөөрөхгүй бол эдийн засаг эмх замбараагүй байдалд орно гэж өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама анхааруулав.

Сүрдүүлэх хандлагаас татгалзахыг тэрээр сөрөг талд уриалав. Барак Обама Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ түр төсөв ба төрийн өрийн туйлын асуудлаар хэлэлцээ хийхгүй гэдэгээ мэдэгджээ.

Цогц асуудлаар хэлэлцээ хийх хугацаа талуудад олгохын тулд ядаж зээллэх хувь хэмжээг түр зуур нэмэгдүүлэх саналыг бүгд найрамдахчууд дэмжвэл яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж тэрээр хэллээ.

Өчигдөр төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бейнер засаг захиргаантай хэлэлцээ хийхийг ахин шаардахын хамт засгийн газрын үйл ажиллагааг сэргээж, АНУ өрөө дарах аргагүй болох хэрэг явдлыг хойшлуулсан цагт хэлэлцээ хийнэ гэсэн Ерөнхийлөгч Обамагийн байр суурийг няцаав.

Төсвийн алдагдлыг хорогдуулах шинэ арга хэмжээ авч, эмнэлгийн даатгалын шинэтгэлийг хойшлуулах болзолыг биелүүлвэл төрийн өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлж, түр төсвийг батлана гэж бүгд найрамдахчууд мэдэгдэв. Төрийн өрийн өнөөгийн хувь хэмжээ 10-р сарын 17-нд шавхагдаж дуусана.

АНУ-ын холбооны засгийн газар төсвийг батлаагүй учраас үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоов. Энэ нь зарим компани болон эдийн засгийн бүхэл бүтэн салбаруудын ажилд зохисгүй нөлөөлж байна.