АНДБН-т байр сууриа бэхжүүлэх нь Орос улсын хувьд зарчимт чухал ач холбогдолтой үйл хэрэг юм гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Балид АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт нээгдэхийн өмнө бүс нутгийн хэд хэдэн орны хэвлэлд нийтлүүлсэн өгүүллэгдээ мэдэгджээ.

Орос улс АНДБН-ийн салшгүй нэг хэсэг ямагт байгааг Лавров өгүүллэгдээ тэмдэглэв. «Бүс нутгийн хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт улам өргөн оролцох нь улс орныхоо хөгжлийг урагш ахиулах, Сибирь, Алс Дорнодын нийгэм-эдийн засгийг өрнүүлэх чухал угтвар нөхцөл юм» гэж сайд тэмдэглэжээ.

АНДБН-ийн аюулгүй тогтонги байдлыг хэвээр хадгалах явдал Москвагийн хувьд урьтлал болсон. Энэ зорилгод хүрэхийн тулд Орос улс «бүс нутгийн орнуудтай тогтоосон хоёр талын харилцааны бат бэх сууринд» тулгуурлаж байна. Хятад, Энэтхэг, Вьетнам улсуудтай харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд гарсан гэж Оросын ГХ-ийн сайд онцлов.

Үүний хамт Орос улс АНДБН-т өрөөсгөл хандлагыг тулган хүлээлгэх явдлыг хүлцэхгүй гэж тэрээр тэмдэглэжээ. Сайдын хэлснээр адил тэгш хамтын ажиллагаа, хүчний жинхэнэ тэнцэл, ашиг сонирхолыг өв тэгш хангах ёс журам бүс нутагт шаардагдаж байна.

Бүс нутгийн орнууд энэ замаар томоохон алхам хийж, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцогч орнуудын ГХ-ийн сайд нар бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар олон талын зөвлөлдөөн хийхээр тохиролцсон тухай Сергей Лавров мэдээллээ.

Орос улс нийтийн аюулгүй байдал ба маргааныг эв зүйгээр зохицуулж, олон талт нэгдлүүдийн хооронд түншийн хэлхээ холбоо тогтоон төлөвшүүлэхийн төлөө байна гэж Оросын ГХ-ийн сайд онцлов.

Эдгээр зорилгод хүрэх явдал АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас нэн чухал нөлөө үзүүлж мэдэх эдийн засгийн интеграцийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж Сергей Лавров тэмдэглэн бичжээ.