НҮБ-ын тэргүүн Пан Ги Мун Сирийн химийн зэвсгийн шинжээчдийн өргөн барьсан илтгэлийг даваа гаригийн өглөө НҮБ-ын АЗ-д оруулна гэж тус байгууллагын хэвлэлийн албанаас уламжлав. 9-р сарын 16-ны өглөө /москвад үдэш /Пан Ги Мун НҮБ-ын АЗ-д хаалттай зөвлөлдөөний явцад илтгэлийн тухай мэдээлэл хийнэ гэж хэвлэлийн албанаас мэдээллээ. Гринвичийн цагаар ойролцоогоор 16:50 минутад ерөнхий нарийн бичгийн дарга Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд сэтгүүлчидтэй уулзалт хийж, Ерөнхий ассамблейн мөрдөлтийн дүгнэлтүүдийн тухай мэдээлэх юм. Илтгэл НҮБ-ын зэвсгийг хорогдуулах асуудлаарх сайтан дээр нийтлэгдэх болно.

8-р сард шинжээчдийн комисс Дамаскийн орчмын Гутта хотод 8-р сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй хэргийг мөрдөх ажиллагааг явуулсан. Өмнө нь Сирийн мэдээллийн сайд Омран аз-Коуби британий ITN телеканалд өгсөн ярилцлагадаа, Дамаск НҮБ-ын аливаа шаардлагуудыг биелүүлэхийн тулд бүхий хүчин чадлаараа чармайх болно гэж мэдэгдсэн. Тэрээр Сири “Орос улсын химийн зэвсгээс салахтай холбоотой төлөвлөгөөг” хүлээн авч байгаа бөгөөд баримт бичгүүдийг бэлтгэж эхлээд байна гэв.

9-р сарын 14-нд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын Женевт хийсэн уулзалтын дүнд сирийн химийн зэвсгийг устгах тухай ерөнхий гэрээг байгуулсан юм.