Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин киргизийн нийслэл Бишкек хотод ШХАБ-ын орнуудын тэргүүн нарын ДХУ-д оролцохоор ирлээ. ШХАБ-ын уулзалтаар Сирийн байдал болон Ираны цөмийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнээс гадна тус байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нар терроризмийн эсрэг тэмцэхэд болон Афганистаны байдалтай холбогдуулан мансууруулах бодис худалдаалахын эсрэг тэмцэх асуудлуудаар хэлэлцэн ярилцана. Бишкекийн ДХУ уламжлал ёсоор Орос, Казахстан, Хятад, Киргиз,Узбекистаны удирдагчдын цомхон хүрээний уулзалтаар эхлэнэ. Оролцогчид ШХАБ-ын хүрээнд төлөвлөгдсөн харилцан ажиллагааны тулгамдсан болон бүс нутгийн хийгээд олон улсын байдлын сэдвүүдийг хэлэлцэнэ.

ДХУ-ын дагавар хуралдаанд ажиглагч-орнууд болох Афганистан, Иран, Монгол, Энэтхэг болон Пакистаны төлөөлөгчид оролцох юм. ШХАБ-ын орон зайд тогтвортой байдал болон аюулгүй байдлыг хангах салбарт хамтарсан хүчин чармайлтуудыг эрчимжүүлэх болоод эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцоо явуулахаар төлөвлөж байна. Тэргүүлэх сэдвүүдийн дунд эдийн засгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн хийгээд тээвэр, эрчим хүчний хоршооллын салбарын асуудлуудад анхаарал тавих болно.

ДХУ-ын дүнд ШХАБ-ын гишүүн орнуудын хооронд найрсаг хөршийн харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны тухай урт хугацааны гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2013-2017 онуудад явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах ёстой гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах нэмж хэллээ. Уг баримт бичиг нь байгууллагын хүрээнд нилээд хэдэн чиглэлүүдэд харилцан ажиллагааны шинэ эрчийг бий болгоход нөлөөлөх ёстой. ШХАБ-ын ДХУ-ын төгсгөлд дараагийн ДХУ-ыг даргалах эрхийг Тажикистанд шилжүүлнэ.