АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ, хэрвээ Сири нь Орос улсын гаргасан саналын дагуу химийн зэвсгээ олон улсын хяналтан дор шилжүүлвэл, тэр төлөвлөж байгаа цохилтоо цуцлана гэв. Тэрээр Орос улсын Сирийн асуудлаар гаргасан саналыг “ урагштай алхам ” хэмээн нэрлэсэн. Гэхдээ энэхүү саналыг асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийх гэсэн бас нэгэн оролдлого байхыг хүсэхгүй байна гэж анхааруулав. Тэрээр Си-Эн-Эн телевизэд өгсөн ярилцлагадаа, АНУ Орос улстай “ хэрэгжих боломжтой хүчтэй “хэлэлцээр байгуулахын тулд хамтран ажиллах болно гэв. Үүний өмнө ОХУ- ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров Сирийн ГХЯ-ын сайд Валид Муаллемтэй Москвад уулзахдаа, Дамаскийг сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтанд устгуулахаар шилжүүлэхийг уриалсан. Муаллем Орос улсын энэхүү алхмыг сайшаасан, гэтэл тус улсын ерөнхийлөгч Башар Асад үүнийг зөвшөөрөх эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Даваа гаригт Лавровын мэдэгдэлээс хэдэн цагийн өмнө Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Лондонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ Сирийн ерөнхийлөгч Башар Асад долоо хоногийн дотор олон улсын хамтын нийгэмлэгт химийн зэвсгээ хураалгах юм бол, АНУ төлөвлөж байгаа цохилтоо цуцлана гэсэн. Ингэхдээ Керри сирийн ерөнхийлөгч ийм шийдвэр гаргана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр, АНУ- ын сенатын олонхийн тэргүүн Гарри Рид мэдэгдэлдээ, Сирийн асуудлаар тогтоол гаргах асуудлаар лхагва гаригт төлөвлөөд байгаа санал хураалт хойшлогдож магадгүй гэжээ.