Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн Сирийн хямралын асуудлыг хэлэлцэх онц хуралдаан амжилтгүй болж өндөрлөв. Хуралдаанд оролцогчид Британий санал болгосон сирийн армид пуужингийн цохилт өгөх тогтоолын төсөл дээр тохиролцож чадсангүй.

Өрнөдийн орнуудын төлөөлөгчид өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, хэрвээ НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр тохиролцоонд хүрч чадахгуй бол тэд НҮБ-ыг тойрч Сирид цохилт өгч мэднэ гэж байсан.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр “Пи-би-эс” радиод өгсөн ярилцлагадаа, Сирид цохилт өгөх тухай асуудлаар “шийдвэрээ гаргаагүй байна” гэж мэдэгдсэн. Түүнээс гадна цэргийнхний бүрэн эрх түүнд “Сири улс дахин ийм зүйл гаргахгүй байх нилээд хүчтэй дохиог” илгээх боломж олгож байна хэмээн Обамагийн мэдэгдэлийг британий “Файнэншл таймс” иш татжээ.

ХМХ-ийн уламжилж байгаагаар, өмнө нь сирийн ерөнхийлөгч Башар Асадыг хурц шүүмжлэлүүдээс тууштай хамгаалж ирсэн Хятад, Оросын төлөөлөгчид уулзалт дуусахад гарч оджээ. Тэгтэл Франц, Их Британи,АНУ-ын байнгын төлөөлөгчид хэлэлцүүлгээ үргэлжлүүлсэн байна.

НҮБ-ын АЗ-ийн байнгын гурван гишүүний хуралдаан нь хууль бус юм гэж НҮБ-ын дэргэдэх Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари мэдэгджээ.

Үүний зэрэгцээ АЗ-ийн хуралдааны дараа НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орнуудын засгийн газруудад зөвлөлдөх зорилгоор тогтоолын төслийг илгээсэн тухай дипломат эх сурвалжууд мэдээлж байна.

АНУ, Их Британи Сирийн нутаг дэвсгэрийн цэргийн объектуудыг бөмбөгдөхөөр идэвхитэй бэлтгэж байна.Сирийн эрх баригчид мэдэгдэлдээ, тус улс нь дайны байдалд байгаа бөгөөд цаашид үйл явдал улам хурцадхад бэлтгэж байна гэжээ.