Ерөнхийлөгч Обама холбодох шийдвэр гаргавал Пентагон Сирийн хэрэгт хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцоход бэлэн байна гэж өнөөдөр АНУ-ын БХЯ-ны тэргүүн Чак Хейгел Малайзид айлчлах үеэрээ мэдэгдэв.

«Ерөнхийлөгч БХЯ-д хандан бүх тохиолдолд таарах үйл ажиллагааны хувилбаруудыг бэлтгэх хүсэлт тавьсан. Бид эдгээр ху- вилбарыг бэлтгэв. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна» гэж Хейгел мэдээллээ.

Тэрээр АНУ-аас Сирийн талаар чухам ямар ажиллагаа явуулах тухай мэдээлэхээс татгалзав. Хейгелийн хэлснээр засаг захиргаанаас ямар нэг тодорхой шийдвэр гаргахын өмнө маш олон хүчин зүйлийг дэнсэлж цэгнэх хэрэгтэй. Сирийн байдлын тухай тагнуулын мэдээлэл, эрх зүйн асуудал түүний дотор цэргийн ажиллагаанд үзүүлэх олон улсын дэмжлэг зэрэг хүчин зүйл тэдгээрийн дотор байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай утсаар ярилцаж, Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг тойрон үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэв. Сирийн засгийн газарт нууж далдлах юм байхгүй бол химийн дайралтад нэрвэгдсэн нутагт байлдааны ажиллагааг зогсоож, шинжээчдийг нэн даруй оруулах ёстой гэж Керри мэдэгдлээ.

Засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж сирийн сөрөг хүчин мэдээлжээ. Химийн дайралтад бараг 1300 хүн амь үрэгдсэн гэж тэд үзэж байна. Гэвч «Хаа сайгүй ажиллах эмч нар» байгууллагын мэдээлснээр 355 хүн амь үрэгдэж, 3600 нь нэрвэгджээ. Сирийн цэргийнхэн тулгасан зэмлэлийг няцаав.

Нийслэлийн Жобар дүүрэгт газар дорхи хонгилуудад самуун дэгдээгчдийн хорт бодисыг илрүүлсэн тухай өчигдөр сирийн улсын телевиз мэдээлэв.

Пентагон шаардлагатай тохиолдолд Сирид цохилт өгөхийн тулд Газрын Дундад тэнгист АНУ-ын Усан цэргийн хөлөг онгоцуудыг өөрчлөн байрлуулах төлөвлөгөөтэй байна гэж Washington Post мэдээлэв.