АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн байдалд хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохыг эсэргүүцэв. НҮБ-ын мандатгүйгээр оролцож болохгүй гэж тэрээр нэмж хэллээ.

Барак Обама CNN телевизийн сувагт ярилцлага өгөхдөө АНУ-ын удирдлага Башар Асадыг Сирийн Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцоруулах зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд бололцоотой бүхнийг хийнэ гэж мэдэгдэв.

Тэрээр химийн зэвсэг Дамаск орчимд хэрэглэсэн тухай мэдээллийг хөндөж сирийн эрх баригчид хэрэг явдлыг мөрдөн байцаах хүрээнд дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах нь эргэлзээтэй гэв.

Сирид гарсан мөргөлдөөн АНУ-ын үндэсний эрх ашиг - үй олноор хөнөөгч зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, холбоотнуудын аюулгүй байдал, Ойрхи Дорнод дахь америкийн цэргийн баазуудын хамгаалалтыг хамарч байна гэж Барак Обама онцлов.