Оросын Алс-Дорнодын Хабаровск мужид Амар мөрний усны түвшин бүр 8-р сарын 16-нд гамшигийн цэгтээ хүрээд байсан бол өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 14 см нэмэгдэж, 716 см хүрээд байна. Бүс нутгийн үерийн ус томоохон хотуудад хүрээд байна.

Ойрын өдрүүдэд бүс нутагт хүчтэй бороо, усархаг аадар орох тул, нам газрууд үерт автах магадлал өндөр байна. Амар мөрний усны түвшин нэмэгдсээр байна гэж орон нутгийн эрх баригчид уламжилжээ.

Усны дээд хэмжээ 8,2 метр хүрч болзошгүй байна. Ус цаг уурын урьдчилсан мэдээгээр, 8-р сарын 28-нд усны түвшин 780 см хүрч мэдэх байна. Бүс нутгийн эрх баригчид үйл явдал эрс хурцдахад бэлтгэж байна.

Алс-Дорнодын бүс нутгийн хөгжлийн сайд, ОХУ- ын ерөнхийлөгчийн Алс-Дорнодын Холбооны тойргийн байнгын төлөөлөгч Виктор Ишаев бүс нутгийн эрх баригчдаас барилгуудыг их уснаас хамгаалахад зориулан барьж байгаа далангуудын ажлыг түргэвчлэхийг шаардав.

“Одоо үер томоохон хотуудад тулж ирээд байна. Энэ нь хүчтэй уршиг тарьж мэдэх юм “ гэж Ишаев цохон тэмдэглэв. Тэрээр өнөөдөр Хабаровскт үерийн хохирлын хэмжээг бууруулах асуудлаар шуурхай хуралдаан явууллаа.

Өнөөдрийн байдлаар бүс нутагт 709 сууцны байшин усанд автсан бөгөөд Хабаровскийн Амар мөрний эрэг ялимгүй усанд автжээ. Эргийг үерийн уснаас далангууд хамгаалж байна. Элстэй шуудайнуудаар 150 см өндөр далан босгоод байна.

Цэргийн албанхаагчид 24 цагаар далан барьж байна. Тус хязгаар нутагт 17 далангийн байгууламж барьсны дотор Хабаровскд гэхэд л 10 орчим байна. Яг одоо даланг 7,8 -8,2 метр хүртэл нэмж босгож байна.