Өнөөдөр хоёр гаруй жил шоронд хоригдоод суллагдах Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг Каирын цэргийн нэгэн эмнэлэгт хэвтүүлнэ. Тэнд тэрээр гэрийн хорионд байх болно гэж Ройтер агентлаг Египетийн ерөнхий сайдын тамгын газрын мэдээллээс иш татан уламжлан мэдээлэв. Өчигдөр Каирын шүүх Египетийн ерөнхийлөгч асанд ноогдуулсан авилга хээл хахуулын ялыг хүчингүй болгож, шоронгоос суллах тогтоол гаргав. Мубаракыг суллахаар шийдвэрлэснийг давж заалдахгүй гэж Египетийн Ерөнхий прокурорын газраас мэдэгджээ.