Урд шөнө Каирт аюулгүй байдлын хүчин «Лалын ахан дүүс» хөдөлгөөний шашны удирдагч Мохаммед Бадияг баривчласан тухай орон нутгийн ХМХ-үүд албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Тэрээр Каирын дүүрэг дэхь гэртээ цагдаагийн хүчнээс нуугдаж байсан аж. Бадия чухам хаана байгааг мэдснийхээ дараа баривчилсан гэж Египетийн улсын телевиз мэдээллээ. Өнгөрсөн бямба гаригт лалынхан хууль сахиулах хүчинтэй мөргөлдсөн үед Бадиягийн хүү амь үрэгдсэн билээ.

Египетийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногийн цуст ажиллагааны дараа «Лалын ахан дүүс» хөдөлгөөний гишүүдийг оролцуулан тэмцэл хөдөлгөөнд идэвхтэй оролцсон хүмүүсийг баривчилж байна.

Египетэд дэгдээсэн үймээн бол улс төрийн үзэл бодлын зөрөлдөөн биш лалынхны хэт даврах, террорын ажиллагааны илрэл мөн гэж өнгөрсөн бямба гаригт Египетийн ерөнхийлөгчийн үүрэг  гүйцэтгэгчийн зөвлөх Мустафа Хижахи мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид тус хөдөлгөөний ажиллагааг Египетэд хориглох асуудлыг авч үзэж байна гэж урьд мэдээлсэн байна.