Өмнөд солонгосын цагдаа нар өчигдөр нийслэл хотын төвд жагсагчдыг усан буугаар хөөн тараав. Энэ тухай Ренхап агентлаг уламжилжээ. Жагсагчид засгийн газраас Умард болон Өмнөд Солонгосыг нэгтгэхэд чиглэгдсэн, одоогоор зогсонги байдалд орсон бүх төслүүдийг сэргээхийг шаарджээ.

Жагсаалд 3,5 мянга гаруй хүн оролцсон аж. Тэд сөүлийн төмөр замын буудлын вокзалын дэргэд цугларч, хотын даргын байр руу явцгаажээ. Жагсагчид хотын төвийн нилээд хэдэн гудамжийг хаасан нь автомашины бөглөрөлд хүргэжээ.

Энэ бол өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн үед цагдаа нар жагсагчдын эсрэг усан буу хэрэглэсэн анхны тохиолдол юм.