Хятадын нефтийн том компани PetroChina, Америкийн Exxon Mobil компанитай нэгдэж Иракийн өмнө зүгт орших Румайлын асар том орд газрын бүрэлдэхүүнд багтдаг «Баруун Курна-1» хэмээх нефтийн томоохон орд газрыг боловсруулахаар болжээ.

Хятадын компани, Оросын «Лукойл» нефтийн компанитай, «Баруун Курна-2» гэх орд газрыг боловсруулахад оролцох талаар харилцан яриа хэлэлцээг явуулж байгаа гэж «Ройтер» агентлаг мэдээллийн эх сурвалжаас иш татан мэдэгдсэн байна.

«Баруун Курна-1» хэмээх нефтийн томоохон орд газрын боловсруулалтын, төслийн хөрөнгө оруулалтын сан 50 миллиард доллараар хэмжигджээ. Уг орд газар өдөр тутам 480 мянга орчим баррел нефтийг боловсруулдаг байна.

Харин «Баруун Курна-2» орд газрын олборлох хүчин чадал, 2014 онд ойролцоогоор өдөрт 500 мянган баррелд хүрэх төлөвтэй бөгөөд төслийн нийт сан 30 миллиардаар тооцогдож байна. Хятад улс Иракийн өмнө нутаг дахь нефтийн орд газрын боловсруулалтад оролцох гадаадын гол улсуудын нэг юм.