Палестин-израилийн санал зөрөлдөөний асуудлыг зохицуулах ээлжит хэлэлцээ ойрын хоёр долоо хоногт Израиль буюу Палестинд хийх тухай өчигдөр Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри израилийн ба палестины төлөөлөгчидтэй уулзсныхаа дараа мэдэгдлээ.

Бараг гурван жилээр тасалддан зогссон Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудлаархи хэлэлцээг сэргээсэн хийгээд оролцогчид нь найрамдах тухай хэлэлцээр ойрын 9 сарын дотор байгуулах зорилго тавьсан гэж Жон Керри тэмдэглэн хэллээ. Санал зөрөлдөөнийг эцэслүүлэхийн тулд палестины нутаг дэвсгэрийн статусыг оролцуулан үндсэн бүх асуудлыг авч үзэж хэлэлцэхэд бэлэн байна гэж талууд мэдэгдэв. Израиль, Палестин улсууд тус тусдаа орших «хоёр улс хоёр ард түмний төлөө» томъёоллыг хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал гэж Жон Керри үзэж байна.

АНУ Израиль ба Палестинтай цаашид хамтран ажиллаж, санал зөрөлдөөнийг арилгахад туслана гэж тэрээр нэмж хэлэв. Ойрхи Дорнодын зохицуулалтад зуучлаж байгаа ОХУ, АНУ ба ЕХ, НҮБ өчигдөр Израиль, Палестинд хандан хоёр талын энх тайван хэлэлцээ хийхэд саад учруулж мэдэх алхам хийхээс түдгэлзэхийг уриалав. Хууль зүйн сайд Ципи Ливни израилийн, Саиб Эрекат палестины төлөөлөгчдийг хэлэлцээнд тэргүүлж байна. АНУ-ын Ойрхи Дорнодын зохицуулалтын асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгчээр даваа гаригт томилогдсон Мартин Индик АНУ-ыг төлөөлж байна.