Энэтхэгийн зүүн-хойд хэсэгт бөмбөг дэлбэрсний улмаас 15 хүн шархаджээ. Энэ тухай Таймс оф Индиа сонин уламжилжээ. Дэлбэрэлт өнгөрсөн ням гаригт Гувахати хотын Ассам мужийн полицын хэсгийн ойролцоо гарчээ. Гар хийцийн бөмбөг нь полицын хэсгийн дэргэд зогссон автомашинуудыг полицынхан шалгаж байх үед гарсан аж. Шрхадсан бүх хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдгээрийн хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Орон нутгийн эрх баригчдын таамаглаж байгаагаар, уг дэлбэрэлтийг “Ассамыг чөлөөлөх нэгдсэн фронт”/ULFA/ хориотой бүлэглэл явуулсан байж магадгүй аж.

Энэ нь сүүлийн долоо хоногт болж байгаа тав дахь дэлбэрэлт аж. ULFA бүлэглэлээс олонтоо зохион байгуулж байгаа сөргөлдөөн нь тус улсад 8-р сарын дунд үед тэмдэглэх гэж байгаа Энэтхэгийн тусгаар тогтнолын өдрийн босгон дээр тус бүс нутагт хурцадмал байдал үүсгэхэд чиглэгдсэн гэж хэвлэлд бичжээ.