Энэ долоо хоногт сирийн хямралын асуудлаар цэргийн ба дипломат ажиллагааг эрс идэвхжүүлэв. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар удаа дараа ярилцаж, женевийн сирийн асуудлаархи хэлэлцээний бэлтгэлийг авч үзэж хэлэлцэв. Түүнчлэн 7-р сарын 26-нд Нью-Йоркод НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүн улсын төлөөлөгчид сирийн сөрөг хүчинтэй уулзав. Сирийн сөрөг ба хувьсгалт хүчний Үндэсний эвслийн дарга Ахмет Жарба сирийн сөрөг хүчнийг төлөөлөв.

Сирийн байдлыг зохицуулах асуудлаар Женевд хийх 2 дахь хэлэлцээнд оролцоно гэж сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгсэн тухай НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин уулзалтын дараа болгоомжтой мэдэгдсэн байна. Сөрөг хүчний урьдчилан тавьсан болзолууд бага хурлыг зарлан хуралдуулахад саад болов. Нью-Йоркод тэд Сирид эмхлэн байгуулах шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд одоогийн Ерөнхийлөгч Башар Асадыг оруулахгүй шаардлага тавьжээ. Асадыг огцруулвал Үндэсний эвсэл женевийн 2 дахь бага хуралд оролцоход бэлэн.

Гэвч Үндэсний эвсэл хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа хаана ч батлаагүй. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров саяхан Москвад хэвлэлийн бага хурал дээр энэ тухай өгүүлэхдээ: «Сирид байлдан дайтах нөхцөл нь сайжартал Женевэд очихгүй. Сирийн засгийн газар Женевэд «бууж өгөх баримт бичгээ» уламжилж өгөхөөр очихоо батлатал бага хуралд оролцохгүй гэж Үндэсний эвслийн шинээр байгуулсан удирдлага мэдэгдэв. Энэ нь Женевийн албан мэдээ болон орос-америкийн хамтын санаачилгын хүрээнд Жон Керри бид хоёрын тохиролцсон зүйлд харшлах урьдчилсан болзол» гэв.

Гэвч бага хурлыг ойрын үед зарлан хуралдуулна гэдэгт Сергей Лавров найдаж байна. «Хамгийн гол нь «Женева-2» бага хурлыг ойртуулах хэрэгтэй. Сирийн байдал аймшигт байна» гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлээд: «100 мянга гаруй хүн амь үрэгдэж, сая сая хүн гэр оронгүй болж, дүрвэн зугтсан байна. Үүнийг эцэслүүлэх хэрэгтэй. Бүх тал цэргийн ба хүч хэрэглэх ажиллагааг зогсоох ёстой. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын санаачилсан сирийн асуудлаархи женевийн бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулах нь зайлшгүй чухал» гэжээ.

Энэ долоо хоногт Пентагон Сирид иргэний дайнд хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох хэдэн хувилбарыг зарлан мэдээлэв. АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн генерал Мартин Дэмпси сенатэд явуулсан захидалдаа эдгээр хувил- барыг тодорхойлжээ. Цэргийн ажиллагааны бүх хувилбарыг ерөнхийлөгчэд шилжүүлж өгсөн гэж Дэмпси мэдэгджээ. Серег хүчний бүлгүүдэд зэвсэг нийлүүлэх, засгийн газрын цэрэгт агаараас цохилт өгөх, Сирийн агаарыг хориотой бүс болгох, Сирийг Түрк, Иордан хоёр улстай залгах хил дээр завсрын бүс байгуулах, химийн зэвсгий нь булаан эзлэхэд АНУ-ын тусгай зориулалтат цэрэг хэрэглэх зэрэг арга хэмжээ тэдгээрийн дотор байна.

Сенатэд бүгд найрамдах намын төлөөлөгчид АНУ хөндлөнгөөс оролцож цэргийн ажиллагаа явуулахыг шаардаж байна. Харин ийн ажиллагааны хор уршгийг урьдчилан тааварлах аргагүйг Мартин Дэмпси хүлээв. Сирид хөндлөнгөөс оролцох нь АНУ-ын хувьд 2 дахь Афганистан буюу Ирак болж мэдэхийг АНУ-ын жанжин штабын дарга мэдүүлэв .Пентагоны тооцоолсноор Сирид цэргийн ажиллагаа явуулах аль ч хувиалбарыг хэрэгжүүлэхэд жилд 500 саяас 1 тэрбум хүртэл доллар шаардагдана. Цагаан ордон төсвийн хөрөнгө хэмнэх нөхцөлд ийн их хэмжээнй хөрөнгө гаргах гээгүй.

Харин Сирид курд хүн амыг мөргөлдөөнд татан оролцуулахыг засгийн газрын эсрэг хүчин оролдож байна. Саяхан болтол сирийн курдууд төвийг сахиж байсан. Гэвч энэ долоо хоногт хэт даврагсад сирийн зүүн-хойд нутагт курдын ардын журамт цэрэгтэй байлдаж эхлэв. «Аль-Каидатай» хамссан бүлгүүд 200 гаруй курд эмэгтэй хүүхэд, хөгшчүүдийг барьцаалж, тэднийг «амьд бамбай» болгож байна. Курдын хотуудад дээрэм тонуул, гал түймэр гаарав.

ОХУ-ын ГХЯ сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн энгийн номхон курд хүн амын эсрэг ажиллагааг «цуст өдөөн хатгалга» хзэмээн нэрлэв. «Террорын интернационал» гэгч сирийн курдын нутагт хэрцгий зэрлэг ажиллагаа явуулж байна гэдэгт Москва итгэж байна. Тэдний гол зорилго омог хоорондын харилцааг хурцатгаж, улс орныг бутаргаж, энд олон улсын террорын түшиц газрыг байгуулахад оршино.