Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээхэд чиглэсэн Хятад улсын хүчин чармайлтыг дэмжиж байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгдлээ. Тэрээр Пхеньянд БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаог хүлээн авч уулзахдаа Умард Солонгос эдийн засгаа хөгжүүлэхийг хичээж байна. Үүнд «гаднын тайван нөхцөл зайлшгүй чухал» гэжээ. Зургаан талын хэлэлцээг сэргээхэд чиглэсэн Хятад улсын хүчин чармайлтыг БНАСАУ дэмжиж байгаа хийгээд Солонгосын энх амгалан тогтонги байдлыг бусад улстай хамт хангахад бэлэн байна гэж тэрээр тэмдэглэн хэллээ.

Хятад Солонгосын хойгийн хөрш зэргэлдээ улсын хувьд бүс нутгийн байдлыг энх амгалан тогтонги, хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө байна гэж Ли Юаньчаогийн хэлсний хариуд Ким Чен Ун ийнхүү мэдэгдсэн байна. Түүнчлэн Бээжин яриа хэлцээ, зөвлөдөөн хийх замаар бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө байна. Олон улсын хэлэлцээг сэргээхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэж Ли Юаньчао хэлэв.

Ли Юаньчао БНХАУ-ын дарга Си Зиньпиний аман илгээлтийг Ким Чен Унд уламжласныг мэдээлэлд тэмдэглэжээ. БНХАУ-ын дэд дарга Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойн баяр ёслолд оролцохоор Пхеньянд хүрэлцэн очсон юм. Хоёр Солонгос улс болон Хятад, Орос, Япон, АНУ БНАСАУ-ын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээнд оролцож байна.