Орос улсын “Газпром” корпорац жилд Хятад хүртэл 60 тэрбум шоо метр хүртэл хүчин чадалтай “Сила Сибири” хийн хоолойг тавих ажлаа ирэх 11-р сард эхлүүлж магадгүй байна. БНХАУ-тай хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ажлыг эцэслэн дуусгаагүй байгаа гэж оросын “Ведомости” сонин бичжээ.

Якутскаас Владивосток руу дамжуулан, улмаар Хятад улс руу тавихаар төлөвлөөд байгаа хоолойнуудыг гурван жилийн хугацаанд барих юм гэж «Газпромд» ойрхон эх сурвалж өгүүлжээ. “Газпром” нь нэг сарын өмнө “Сила Сибири” төсөлд хоолой нийлүүлэх тендерийг зарласан. Уг тендерт оросын ОМК, ЧТПЗ, “Северсталь” компаниуд ялсан.

Өмнө нь “Газпромын” удирдах зөвлөлийн гишүүн Всеволод Черепанов хийсэн мэдэгдэлдээ, хийн хоолой барих ажил нь Хятад улсын гэрээгүйгээр эхлэхгүй гэсэн. Гэтэл “Газпромын” эх сурвалж гэрээгүй ч, барилгын ажил эхлүүлнэ гэж батлан хэлсэн тухай “Ведомости” бичжээ.

Оросын «Газпромын» төлөөлөгчидтэй яриа хэлэлцээр явуулахад нилээд хэдэн зөвшөөрч боломгүй асуудлууд байсаар байна. “Газпромын” менежерүүдийн мэдэгдснээр, тохиролцоонд хүрээгүй зүйл бол дан ганц үнийн асуудал байгаа аж.