Египетэд улс төрийн хямрал зэвсэгт мөргөлдөөн болж хувирахгүй гэж АНУ-ын дэд Төрийн нарийн бичгийн дарга Уильям Бернс мэдэгдлээ. «Сирийн эмгэнэлт хэрэг явдал Египетэд давтагдахгүй гэж үзэж байна» гэж  Бернс Каирт айлчлах үеэрээ онцлов.

Египетийн байдлын тухайд гэвэл АНУ төвийг сахих байр суурь баритмталж ямар ч талыг дэмжихгүй гэж тэрээр батлан илэрхийлжээ. Үүний хамт Бернс египетийн цэргийнхэнд хандан улс төрийн удирдагчдыг баривчлахаас зайлсхийж, хүч хэрэглэх ажиллагааг эцэслүүлэхийг уриалав.

Урд 7-р сард сөрөг хүчний өргөн цар хүрээтэй тэмцэл хөдөлгөөн өрнөсний дараа египетийн цэргийнхэн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулав. Адли Мансурыг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилов. Бернс бол Мурсийг огцруулснаас хойш Египет улсад хүрэлцэн очсон америкийн дээгүүр албан тушаалтай анхны түшмэл юм.

Бернс Египетийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур, дэд ерөнхийлөгч Мухаммед аль-Барадеи, БХ-ын сайд Абдель Фатах ас-Сасси нартай хэлэлцээ хийжээ. Түүнчлэн тэр үйлдвэрлэл эрхлэгчид,хүний эрхийг хамгаалагчид ба копт шашны зүтгэлтнүүдтэй уулзсан байна. Бернс Мурсийг дэмжиж байгаа «Лалын ахан дүүс» хөдөлгөөний төлөөлөгчидтэй одоогоор уулзаагүй гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлэв.