Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сахалин арлын «Успенский» талбарт Дорнодын цэргийн тойргийн байлдааны сургуулилтын явцтай танилцав. Тэрээр тойргийн цэргийн командлагч Константин Сиденкойн рапортыг хүлээн авч, шалган үзэх тавцан дээр гарч, байлдааны сургуулилтын явцыг сонирхон ажиглав.

Зэвсэгт хүчний байлдааны бэлтгэлийн удирдах газрын дарга Иван Бувальцев Ерөнхийлөгчэд сургуулилтын явцыг тайлбарлав.Байлдааны сургуулилтын үе шат дууссаны дараа Владимир Путин БХ-ын сайд Сергей Шойгу ба тойргийн командлагчтой хамт байлдааны сургуулилт явагдаж байгаа бүс нутгийг нисдэг тэргээр тойрон нисэв.

7-р сарын 13-нд Дорнодын цэргийн тойргийн цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгаж эхэллээ. Төв болон Дорнодын цэргийн тойргийн анги нэгтгэлүүд, Номхон далайн флот, Оросын Агаарын цэргийн хүчний цэрэг-тээврийн нисэх онгоцнууд мөн ажиллагаанд хамрагдав.

Байлдааны сургуулилтын гол зорилго анги нэгтгэлүүд зорилтоо биелүүлэхэд хэр бэлэн байгааг шалгаж үзэхэд оршино. Түүнчлэн бие бүрэлдэхүүний сургалилтын түвшин, техникийн бэлэн байдал, цэргийн анги нэгтгэлүүдийн зэвсэг, байлдааны техникийн хангамжийг үнэлж байна.

Нийт 160 мянга орчим цэргийн албан хаагч байлдааны бэлэн байдлыг шалган үзэх ажиллагаанд хамрагдав. Мөн түүнчлэн 1 мянга орчим танк, байлдааны хуягт машин, 130 нисэх онгоц, нисдэг тэрэг болон Усан цэргийн флотын 70 хөлөг онгоц байлдааны сургуулилтад оролцож байна.