Орос улсын нийслэл хотын өмнөд хэсгийн Подольскийн зам дээр өнгөрсөн бямба гаригт гарсан зам тээврийн ослын улмаас 18 хүн нас барсан. Өнөөдөр Москва болон Москва орчимд гашуудал зарлаад байна. Бүс нутагт төрийн далбааг бөхийлгөн, телевиз, радиокомпаниуд болон соёлын байгууллагуудын цэнгээнт арга хэмжээнүүд,нэвтрүүлгүүдийг зогсоогоод байна.

7-р сарын 13-ны бямба гаригт орон нутгийн цагаар 13.00 Подольскийн Ознобишино тосгоны орчимд сайр ачисан “Камаз” машин туслах замаас гарч явахдаа шугамын автобусыг мөргөсөн байна.

Автобус хоёр хэсэг болж хуваагдаж зорчигдын зарим хэсэг нь онхолдсон ачааны машины сайранд дарагдсан байв. 18 хүн нас барж, 30 гаруй хүнийг эмнэлэгт хүргэв. Нас барсан хүмүүсийн олонх нь Москва орчмын оршин суугчид байжээ. Түүнчлэн зам тээврийн осолд орогсодын дунд Украины нэг иргэн байжээ.

Уг хэргээр хоёроос дээш хүний амийг бүрэлгэсэн зам тээврийн ослын тухай эрүүгийн гэмт хэрэг үүсгээд байгаа бөгөөд гэм буруутай этгээдийг олж тогтоон долоо хүртэлх жилийн хорих ял ноогдуулж магадгүй аж.