Өчигдөр орой Анкарад засгийн газрыг огцоруулахыг шаардсан жагсагчид цагдаа нартай мөргөлдөв. Цагдаагийн хүчин хийт гранат шидэж, ус шуршиж жагсагчдыг тараав. 1000 орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Түүнчлэн цагдан сэргийлэх хүчин Стамбулын төв Гези цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд жагсагчдыг тараасан тухай Ройтер агентлаг мэдээллээ. Олон зуун хүн Туркын эрх баригчдын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэхээр хотын төвд цугларав. Засгийн газраас Инженер, архитекторчдын холбооны хотыг өөрчлөн төлөвлөх шийдвэр гаргах эрхийг хасах хууль батлах гэж байгаа нь Стамбулд жагсаал хийх гол шалтгаан болов. Түүнчлэн засгийн газрын эсрэг цуглаан жагсаал өөр хэдэн хотод хийжээ.

5-р сарын сүүлээр Турк улсад засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөв. Тэр үед Стамбул хотынхон Таксим орчмын Гези цэцэрлэгт хүрээлэнг устгах тухай эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн гудамжуудад гарсан билээ. Турк улсын бүх мужийн тэн хагас нь болон европын орнуудад суудаг туркууд эсэргүүцэгчдийг дэмжив. Цэцэрлэгт хүрээлэнгийн мод огтлох ажиллагааг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн ерөнхий сайд Тайип Эрдоганы бодлогын эсрэг тэмцэл болж хувирав. 5 мянган хүн үймээнд нэрвэгдэж, 5 хүн амь үрэгдэв. Стамбул, Анкара хотуудын захиргаа эдгээр хотын төвд жагсаал хийхийг хориглов.